Өнөөдөр дэлхийд гар урлалыг “соёлын аж үйлдвэр” (culture industry) гэдэг ойлголтын дор хөгжүүлдэг.

Гар урлал Хямдрал урамшуулал

Монголд өдийг болтол гар урлалыг эдийн засгийн бусад салбарын араас дагаж явдаг, шоовдорлогдсон, чимэг зүүлт шиг зүйл мэтээр авч үзсээр ирсэн. Гэтэл 1940-өөд онд эрдэмтдийн тодорхойлж гаргасан “Соёлын үйлдвэрлэл” гэсэн ойлголт бий. Эдүгээ дэлхий ертөнц хүний оюун санааны ур ухаан, бүтээлч байдал (creative), мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлж байна. 

Оюун санааны ур ухаан, мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэл бол хэзээ ч шавхагдашгүй. Тэр тусмаа гурван сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай Монгол улсын хувьд мэдлэгийг эдийн засгийн хамгийн үнэтэй баялаг болгох хэрэгтэй. Ийм баялгийн нэг нь гар урлал байх ёстой. Ингэхдээ нэг талаас гар урлал нь гоо зүйн өндөр таашаал өгдөг, нөгөө талаас мөнгөөр үнэлэгдэх бүтээмж байна. Тэгэхээр энэ хоёр чиглэлийг зангидах бодлого байж таарна.

Өнөөдөр дэлхийд гар урлалыг “соёлын аж үйлдвэр” (culture industry) гэдэг ойлголтын дор хөгжүүлдэг. Америкчууд оюун санааны бүтээмжит  үйлдвэрлэл буюу “creative industry” ч гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл гар урлал нь инновацид тулгуурладаг гэсэн үг.

Гар урлал гэхээр бид эсгий таавчиг юмуу эсвэл тав аравхан төгрөгөөр үнэлэгддэг энгийн бэлэг дурсгалын зүйлс мэт ойлгодог нь буруу. Гар урлал гэдэг бол оюун санааны өндөр бүтээмж бүхий, зах зээлд өндрөөр үнэлэгдэх бүтээгдэхүүн юм.

Түүнчлэн гар урлал нь дотроо хоёр янз. Нэг хэсэг урлаачид масс буюу олон нийт рүү хандсан зүйлс үйлдвэрлэдэг. Үүнд үнэ харьцангуй бага, оюуны бүтээмж өндөр биш бүтээгдэхүүн ордог. Нөгөө хэсэг нь ямар гэдгийг та бид хоёр сая ярилаа.

Түүнээс гадна энэ хоёрын дунд орших гурав дахь секторыг гаргаж ирж болно. Энэ бол гоо зүйн таашаал өгөхийн  зэрэгцээ ахуйн хэрэглээнд ашиглаж болдог бүтээгдэхүүн. Тухайлбал iPHONE5, iPHONE6 зэрэг утас нь дизайн хийцийн хувьд таашаал өгдөг, инноваци шингэсэн, хүний хэрэглээг тал бүрээс нь бодож хийсэн өндөр үнэ бүхий зах зээлийн бүтээгдэхүүн. Үүнийг “соёлын инновацийн үйлдвэрлэл” ч гэж нэрлэдэг. Манай улсын хувьд ийм үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогоо эхлээд гаргах хэрэгтэй.

Эх сурвалж: АЖТХТ-ийн тэргүүн, олон улсын эксперт Д.Гантөмөр, vip76.mn сайтад өгсөн ярилцлагаас

Нүүр зургийг: https://twitter.com/archeoologch, Д. Эрдэнэбаатар

 



Асуулт асуух